БУСАДСанхүү эдийн засагСОНИН ХАЧИН

Ерөнхий сайд Хөшжлийн банкны ТУЗ-ийг ахлаад байдал дээрдэх үү ?

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул өнгөрсөн сард эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэр тус банк тун хүнд байдалд орсон талаар анх мэдэгдсэн юм. Тэрээр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлдэгчдийг удахгүй ил болгоно гэсний дагуу нэгдүгээр сарын 23-нд 25 чанаргүй зээлийг зарлав. Эдгээрийн нийт өр төлбөр 880 тэрбум төгрөг.

Нийт 74 зээл олгосноос тал нь чанаргүй зээл болж, 1 их наяд орчим төгрөгийн зээл эрсдэлд орсон гэж Н.Мандуул захирал мэдэгдсэн юм. Иймд үлдсэн 700 орчим тэрбум төгрөгийг хэн хэн хэзээ авсан бэ, тэднийг яагаад ил зарлаагүй вэ гэсэн асуултыг олон хүн тавьсан. Ингээд найм хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 31-нд үлдсэн 17 чанаргүй зээлийн мэдээллийг Хөгжлийн банк цахим хуудсандаа байршуулсан юм.

Хөгжлийн банкны 1 ИХ НАЯД 873 ТЭРБУМ төгрөгийн зээлийн эргэн төлөлт саатсан нь ил болов. Энэ онд 460 мянган ахмадын тэтгэврийг нэмэхэд нийт 700 хүрэхгүй тэрбум төгрөг зарцуулсан гэхээр 1.8 их наяд төгрөг хэр их мөнгө болох нь ойлгомжтой.

2018 онд тус банк Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын бонд босгосон нь Монгол төдийгүй Азид санхүүгийн шилдэг хэлцэл, төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарав хэмээн гайхуулж байсан бол одоо олон улсын зээлдүүлэгч нарынхаа өмнө нүүрээ хийх газаргүй боллоо.

Нийт 45 компанийг (зарим нь хамтран зээл авсан бол ТОСК, Чингис хаан банк тус тус хоёр удаа зээл авсан, Чингис хаан банк дамжуулан зээлдэгчээр ажилласан) чанаргүй зээлдэгчээр нэрлэв. Эдгээрийн дотор ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц гэсэн төрийн өмчит хоёр компани багтсан бол үлдсэн нь хувийн компаниуд.

Үнэндээ Хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирсэн нь одоо л ил болж байгаа юм биш. Б.Батбаяр, Г.Амартүвшин нар энэ банкийг удирдах хугацаандаа хэвлэлийн хурал хийн, “Эрэл”, “Бэрэн”, “Хөтөл”, QSC-гийн зээлд асуудал үүссэнийг зах зухаас нь дуулгасан. Г.Амартүвшин захирал УИХ-ын гишүүнд нэр дэвшихээр ажлаа өгсний дараа Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дараа нь Н.Мөнхсүх нар орлон гүйцэтгэгчээр ажилласан ч таг чиг байсаар, сэтгүүлчдийн ярилцлага авах хүсэлтийг буцаасаар ажлаа өгцгөөсөн.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллах хугацаандаа буюу 2019 оны тавдугаар сард энэ талаар хэвлэлийнхэнд сур дуулиантайгаар мэдээлсэн юм. Өнөөх л “топууд” болох “Хөтөл”, “Мон лаа”, ТОСК, “Бэрэн”, “Монгол драй милк”-ийн нэр, зээлийг харуулж, хуулийн байгууллагуудаар шалгуулна гэсэн ч тэгсгээд намжсан.

ХӨГЖЛИЙН БАНК ЭРСДЭЛИЙН САНТАЙ 

Капитал банк Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгчээр ажиллажээ. Гэвч тус банк ААН-үүдийн төлсөн зээл, зээлийн хүүг Хөгжлийн банканд эргүүлэн төлөөгүй тул олон тэрбум төгрөгийн авлага үүссэн. Иймд Хөгжлийн банк 2018 онд Эрсдэлийн сангаа 40 тэрбум төгрөгөөр зузаатгажээ. Энэ хөрөнгийг зээлийн эх үүсвэрт зарцуулсан бол олон ААН зээл авч, үйл ажиллагаагаа өргөтгөх байв. Капитал банканд ажиллах Монголбанкны эрх хүлээн авагчийн барагдуулах өр төлбөрийн жагсаалтын тавдугаарт Хөгжлийн банкны зээл багтсан юм.

Тэгэхээр тус банк ямартай ч Эрсдэлийн сантай байх нь.

2018 оны эцсээр тус банкны чанаргүй зээл 10 хувь байв. Гэвч гурван жилийн хугацаанд 50 хувь болж “талийжээ”. Үүний шалтгааныг өмнөх гүйцэтгэх захирлууд болон ТУЗ-ийн гишүүд тайлбарлах ёстой. Гүйцэтгэх захирал болон түүний багт хяналт тавих нь ТУЗ-ийн гол үүрэг. Гэтэл  ТУЗ маш хангалтгүй ажиллажээ.

Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй, тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн.

С.Наранцогт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн сарын 19-нд Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилогдсон. Иймд ТУЗ-ийн даргын албаа хүлээлгэн өгсөн.
Б.Сүх-Очир, ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
Б.Ганбат, ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга
С.Магнайсүрэн, ТУЗ-ийн гишүүн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Б.Насантогтох, ТУЗ-ийн гишүүн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Т.Жамбалцэрэн, ТУЗ-ийн гишүүн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Р.Мөнхтөр, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга
М.Золжаргал, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны дарга
Н.Батнасан, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Цалин урамшууллын хорооны дарга
Ү.Амарбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн ТУЗ үндсэн ажлынхаа хажуугаар давхар үүрэг гүйцэтгэдэг. Иймд бүтээмж муу байгаа тул цаашид Хөгжлийн банкны ТУЗ-ийг хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар ярилцаж байгаа аж. Үүнд Ерөнхий сайд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллах хувилбар ч багтжээ. Гэхдээ энэ нь байдлыг өөрчилнө гэхэд эргэлзээтэй.

Одоо тэгээд яах вэ, ямар гарц шийдэл байна?

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд хяналт тавьж, шалгалт хийх ажлын хэсгийг өнгөрсөн сарын 31-нд байгуулав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг ажлын хэсэгт багтсан. Тэд Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж УИХ-д танилцуулах аж.

Үнэндээ энэ ажлын хэсэгт иргэд итгэж байгаа болов уу? Ядаж л сөрөг хүчний төлөөлөл болсон Т.Доржханд гишүүн багтсан бол арай дээр байв. УИХ-ын дарга ийм захирамж гарган, Хөгжлийн банканд анхаарч буй мэт аашлахын оронд нийтийн сонсгол зохион байгуулбал илүү өгөөжтэй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг УИХ-ын гишүүн асан Т.Уянга нарын гишүүд Дубайн гэрээний улмаас нийтийн сонсголд урьж, халз мэтгэлцэж байв. Мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх шуугианы дараа нийтийн сонсгол зохион байгуулсан нь олон мэдээллийг ил болгосон. Монголбанкны Хяналт шалгалтын алба Хөгжлийн банканд ажиллан, тал зээл нь чанаргүйдсэнийг илрүүлсэн байтал УИХ-ын гишүүд ажиллах шаардлага бий гэж үү? Чанаргүй зээлийн ард үүрэг гүйцэтгэсэн гишүүдээ намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ гэсэн МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэл  ч хангалтгүй байна.

АКТИВ УДИРДЛАГЫН КОМПАНИ БАЙГУУЛЖ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛҮҮДИЙГ ТӨЛҮҮЛНЭ

Сангийн яам чанаргүй болсон зээлүүдийг эргэн төлүүлэхийн тулд Актив удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулжээ. Энэ төсөл хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалтад багтаагүй байна. Хуулийг баталсны дараа тусгай эрхт компани байгуулж, тухайн компани чанаргүй зээлдэгчидтэй “тулж ажиллана”. БНСУ-д Актив удирдлагын компаниуд амжилттай ажилладаг тул тус улсын жишгээр ийм хуультай болох санаачилгыг Монголбанк гурван жилийн өмнө гаргасан ч УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжээгүй.

Дүгнэлт

Энэ явдал УИХ-ын зарим гишүүний үнэн төрхийг ил болгов. Гэрийн гадаа ирж, сайхан амлалт өгдөг УИХ-ын гишүүд үнэн хэрэгтээ хямд өртөгтэй зээл авах гэж, хүүхдүүд, ах дүү нараа гадаад руу ЭСЯ-нд ажилтнаар явуулах гэж, Төрийн сангийн шугамаар хүүхдүүдээ дэлхийн шилдэг их сургууль руу явуулах гэж л УИХ-ын гишүүн болдог. Тэд төрийн нууц мэдээллийг ч хамгийн түрүүнд авдаг давуу талаа зальжин ашиглаж, үүндээ гаршсаныг ЖДҮХС, Хөгжлийн банк нотлов.

Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэхгүй бол Ерөнхий сайдын ажлын албаныхны таван сар ажиллаж, УИХ-аар батлуулсан, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх боломжгүй болно. Энэ бодлого бодит эрсдэлтэй тулгарав. УИХ-аар баталсан энэ бодлогод багтсан томоохон төслүүдийг ажил хэрэг болгоход дахиад л их наядаар хэмжих мөнгө хэрэгтэй. Хаанаас, яаж олох вэ?

Агаарын бохирдол, авто замын түгжрэл гээд бидэнд шийдэж чадаагүй олон асуудал байсаар. Эрх баригч намын удирдлагууд, тэдний томилсон сайд дарга нар асуудлыг бага дээр нь шийддэггүй, ужгируулдаг, хүндрүүлдгийн бас л нэг жишээ Хөгжлийн банк. Тус банк үе үеийн Сангийн сайдуудын шууд эрх мэдэлд байж, Монголбанк, Үндэсний  аудитын газарт тайлан мэдээгээ хүргэж байсан гэж 2020 оны аудитын тайландаа онцолжээ. Тэд мэдсээр байж л ийм байдалд хүргэв.

Төгсгөл

Хамгийн харамсалтай нь Хөгжлийн гэх сайхан нэртэй ч дампуурлын ирмэгт  ирсэн банкны хэрэг олон нийтийн төрд итгэх итгэлийг сууриар нь ганхуулав. Монгол Улсыг ч олон улсын тавцанд муухай харагдууллаа. Хөгжлийн банк гаднын санхүүгийн байгууллагуудаас хямд эх үүсвэрүүд татсан ч нийт активын 53 хувь чанаргүй ангилалд багтсан тул ямар ч олон улсын санхүүгийн байгууллага хамтран ажиллахгүй. Засгийн газар ар араасаа хүлээгдэж буй бондын төлбөрүүдийн хугацааг сунгахад ч бэрх болов. Энэ онд Чингис бондын үлдэгдэл, ирэх жил Самурай бондыг хөрөнгө оруулагчдад хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй шүү дээ.

УИХ-ын сонгууль мөдхөн болно. Сөрөг хүчин одоо өрнөж буй бүхнийг бичиж тэмдэглээд хэрхэн сонгуулийн өмнө ашиглахаа ч тооцоолсон нь гарцаагүй.

Өчигдөр АТГ, түүний өмнөх өдөр ХЗДХ-ийн дэд сайд нар мэдэгдэл хийж, чанаргүй зээлүүдийг судалж байна, мөрдөж байна гэв. Гэсэн ч олон нийт тайвширсангүй. Одоо иргэдэд Хөгжлийн банканд аль компани хэчнээн төгрөгийг эргүүлэн төлсөн нь л чухал. Түүнээс нам энэ бүхэн доторх зөрчил үү, эрх мэдлийн төлөөх ээлжээ хүлээсэн сайд нарын тэмцэл үү гэдэг нь хэнд ч падгүй юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button